Monday, May 27, 2013

Чернобылийн АЦС-ын ослын үеэр гал унтрааж байсан гал сөнөөгчийн бэлэвсэн эхнэрийн яриа

Би юү ярихаа мэдэхгүй байна. Хайр хагацал хоёр минь энэ түүхэнд сүлэлдсэн.
Бид осол гарахаас өмнөхөн гэрлэсэн юм. Гудамжаар явахдаа ч гар гараасаа барилцаж явна. Бид гал командын нийтийн байранд амьдарч байсан юм. Тэр шөнө нөхөр маань станц дээр гал гарчээ, чи унтаж бай, би удахгүй ээ гээд явсан. Би дэлбэрэлт болохыг сонсоогүй ч тэнгэр тэр чигтээ улайссан байлаа. хаа сайгүй халуу дүүгнэ. Станцын дээвэр дээгүүр замын хар асгасан байсан нь шатаж байж.


Тэднийг шөнө дуудсан болохоор брезентэн хувцсаа ч өмсөлгүй гэрийнхээ хувцастайгаа явсан. Тэдэнд хэн ч анхааруулж хэлээгүй. Жирийн гал л гэж хэлсэн байж. Өглөө зургаад бид хоёр эцэг эхийнх нь зуслан руу явах байсан ч тэр минь ирсэнгүй. Өглөөний долоон цагт нөхрийг минь эмнэлэгт хүргэсэн гэлээ. Би эмнэлэг рүү гүйж очиход аль хэдийн олон хүн цугларсан байлаа. Цагдаагийнхан хэнийг ч оруулахгүй байв. Таньдаг бүсгүй маань эмнэлэгт эмч хийдэг байсан учир би түүнийг хайж эмнэлгийн машинаас гарахыг нь хараад намайг оруулчихаач, би харчихаад л гаръя гэхэд тэр болохгүй ээ, тэд маш муу байгаа гэлээ. Би гуйсаар хэдхэн минут харчихаад л гарахаар боллоо. Нөхрийн маань нүүр нүд нь хавдаад хачин царайтай болчихсон байв. Эмч: сүү уулгах хэрэгтэй. Дор хаяж 3 литрийг гэв. Энэ эмнэлгийн олон эмч, сувилагчид дараа нь өвдөж нас барсан юм. Өглөө арван цагт оператор Шишенок нас барав. Нурангин дор хоёр дахь оператор нь үлдсэн бөгөөд түүнийг гаргаж авалгүй бетондсон. Нөхөр маань намайг жирэмсэн байсныг мэдэж байсан болохоор яв, хүүхдээ бод гэж байлаа. Гэвч би үгэнд нь ороогүй. Би сүү авчрахаар эмнэлэгт ирсэн найз бүсгүйтэйгээ явж нөхөртэй минь хамт явсан таван залууд нь нийт 6 сав сүү авчирлаа. Тэд сүү ууж чадахгүй огиж бөөлжиж ухаан алдаж байлаа. Эмч нар тэднийг газын хийд хордсон л гэж хэлсэн юм. Хэн ч цацраганд хордсон гэж хэлээгүй.
Хот тэр аяараа цэргийн техникээр дүүрч, автобусууд явахаа болив. Гудамжнуудыг цагаан нунтагаар угааж байв. Хэн ч цацрагийн тухай хэлээгүй ч цэргийнхэн хамгаалалтын хувцастай байсан.
Хүмүүс ил задгай хүнс авсаар л байсан. Шөнө эмнэлэгт ирэхэд оруулсангүй. Нөхөр маань цонхны цаанаас тэднийг Москва руу авч явж байгааг хэллээ. Эмнэлгийг цэргүүд бүсэлж хэнийг ч оруулсангүй. Биднийг хувцас авчир гэж хуурч явуулаад тэр хойгуур нь нөхрүүдийг маань онгоцоор авч ниссэн юм.
Тэр шөнөдөө л гудамжаар зуу зуун автобусууд, галын машинууд зогссон. Гудамжнууд цагаан хөөсөөр дүүрч, хүмүүсийг хотоос 3-5 хоног нүүлгэнэ гэж зарлаж байв. Хүмүүсийг ой руу нүүлгэнэ, майханд хэд хонуулна гэлээ. Осолд гэрийнхнийх нь хэн нэгэн өртөөгүй хүмүүс ойд очих нь гээд бараг л баярлаж байв. Тэд гитар, хөгжим авч яваа нь харагдана.
Шөнө би бөөлжиж нөхрөө зүүдлэн 6 сартай жирэмсэн байсан ч Москва руу явахаар шийдлээ. Москвад ирэнгүүтээ л анх тааралдсан цагдаагаас асуухад тэднийг Щукиногийн эмнэлэгт хэвтүүлсэн гэлээ.
Эмнэлэгт үнэмлэхгүй оруулахгүй байсан ч би жижүүрт нь мөнгө өгөөд орлоо. Цацрагийн тасгийн эрхлэгч Ангелина Гуськоватай уулзлаа. Тэр надаас та 2 хүүхэдтэй юү гэхэд нь гэдэс маань томроогүй байсан учраас нуухаар шийдлээ. Би хүү, охин хоёртой гэж худлаа хэллээ. Эмч: Тэгвэл дахиж хүүхэд гаргах хэрэггүй л юм байна гээд нөхрийн маань төв мэдрэлийн систем, нугас бүрэн хордсон гэлээ. Тэгээд тэврэлдэж, үнсэлцэж болохгүй, ойртож ч болохгүй, хагас цаг л уулз гэв. Намайг ороход тэд палатандаа суугаад хөзөр тоглож байв. Намайг тэврэх гэсэн ч эмч түүнийг минь босгосонгүй. Нүүрнийх нь хавдар буужээ. Тэдэнд дусал залгажээ. 28 хүнийг онгоцоор энд авчирсан байлаа. Би түүндээ хотынхныг нүүлгэж байгааг хэллээ. Хүмүүс палатнаас нэг нэгээрээ гарахад нь би нөхрөө тэврээд үнссэн юм. Нөхөр маань намайг түлхээд сандал дээр суу гэсэн.
Маргааш нь ирэхэд тэднийг нэг нэгээр нь тусдаа палатанд хэвтүүлж коридорт ч гаргахгүй болсон байв. Тэдний хэвтэж байсан давхар, дээд, доод давхруудын өвчтөнүүдийг бүгдийг нь нүүлгэжээ. Би тэр шөнө нөхөртэй минь хамт жижүүртэй байсан таван гал сөнөөгчид бүгдэд нь хоол зөөж, оо, саван, шүдний сойз авч өглөө. Өдөр болгон эмнэлэгт очиж орой болтол суудаг байлаа. Өглөө болгон тэр зургаад тус тусад нь шилэнд хоол хийгээд очно. Хэд хоногийн дараа эмнэлгийн хажуугийн зочид буудалд намайг бай гэж хэлсэн бөгөөд би тэдэнд хоол хийж чадахгүй нь дээ гэтэл эмч одоо хоол хэрэггүй ээ. Тэдний ходоодонд хоол тогтохгүй гэх нь тэр.
Нөхөр маань өдрөөс өдөрт өөрчлөгдөж эхлэв. Арьсан дээр нь цэврүү үсэрч томорч эхэлсэн. Аманд нь, хацар дээр нь, бүх л биен дээр нь. Арьс нь хөхөрч, улайж, сааралтаж өөрчлөгдөнө. Нөхөр маань танигдахын аргагүй болсоон.
Цацрагт хордсон хүн 14 хоногийн дотор нас бардаг юм билээ.
Зочид буудалд ирэнгүүт миний хувцаснуудын цацрагийн хэмжээг хэмжээд бүгдийг нь цэвэрлэхээр хурааж авсан. Би үйлчлэгчээс нь тогоо авч дүрдэг плиткээр шөл хийж аваачиж өглөө. Гэсэн ч тэр минь юү ч идэж чадахгүй болсон. Юм ууж ч чадахгүй байлаа. 5 сарын 9. Ялалтын баяр боллоо. Нөхөр маань “Чи Москвад Ялалтын баяраар ямар гоё гээч. Салют буудаад л” гэж ярьж байсан. Тэр өдөр нөхөр маань “Өдөр болж байна уу, орой болж байна уу” гээд “Хэдэн цаг болж байна” гэлээ. Би 9 цаг гэхэд цонхоо нээ. Одоо салют буудна гэв. Нөхөр маань өвчтэй үхлүүт хэвтэж байсан ч сувилагчид мөнгө өгч надад цэцэг авахуулсан байлаа. Би нөхрөө сахиж хонодог боллоо.
Нэг шөнө коридорт ухаан алдахаа дөхөхөд зөрж өнгөрсөн эмч намайг жирэмсэн болохыг мэдчихэв. Би эмнэлгийн эрхлэгч Гуськовад насан туршдаа талархаж явнаа. Бусад залуусын эхнэрүүдийг нь оруулаагүй ээ, тэдний ээжүүдийг нь л оруулсан юм. Нөхрийн маань 2 эгч, эрэгтэй дүү, охин дүү нар нь ирж нөхөр минь шилжүүлэхэд хамгийн тохиромжтой нь охин дүүгийнх нь нугас байлаа. Гэвч дүү нь 14хөн настай байсан болохоор нөхөр маань зөвшөөрөөгүй ээ. Харин 28 настай эгч нь нугасаа өгөхөөр болсон юм. Би мэс засал хийж байхыг нь харсан. Эгч нь мэс засалд орсны дараа маш хүнд байсан. Тэрээр хожмоо нөхөрт гараагүй, групп тогтоолгосон.
Нөхрийг маань палатанд хэвтүүлсэнгүй. Тэднийг тусгаарлах боксонд хэвтүүлж цэргүүд үйлчлэх болов. Яагаад гэвэл сувилагч, асрагчид хордохоос айж татгалзсан юм. Харин би нөхрийнхөө дэргэдээс холдоогүй ээ. Өөрөө өтгөн, шингэнийг нь зөөж байлаа. Удалгүй найзууд нь нэг нэгээрээ нас барж эхэллээ.
Нөхөр маань өдөрт 25-30 удаа туулгаж, эргэх тоолонд үс нь унаж, арьс нь хагарна. Унтаад ирэхэд минь хажуудаа байсан жүржийг “Чи минь дуртай биз дээ, наадахаа ав л даа” гэлээ. Жүрж ягаан өнгөтэй болчихсон байж билээ. Би авах гэтэл сувилагч зөвшөөрсөнгүй. Тэгсэн ч би тэр жүржийг авсан. Нөхөр минь өгсөн шүү дээ. Хажууд нь хэдхэн минут байсан юмыг ч хэрэглэж, идэж болохгүй гэж байлаа. Нөхөрт минь ойр ойрхон тайвшруулах тариа хийнэ. Би шөнө сувилагчдыг гуйсаар байгаад тусгаарлах боксонд нь хамт хонож байлаа. Тэд намайг мэдрэл муутай гэцгээнэ. Гэсэн ч би түүнийгээ орхихыг хүсээгүй ээ. Намайг түр холдоход түүний зургийг нь авч байсан. Тэд энэ нь шинжлэх ухаанд хэрэгтэй гэж байлаа. Нөхөр чинь одоо хүн биш. Атомын реактор л гэсэн үг, холд гэж байсан ч би түүнийгээ орхиж чадаагүй ээ. Нөхөр маань:
-Хүүхдээ харах юмсан. Ямар байх бол? гээд би ч харахгүй байх даа гэж байлаа. Чи л нэр өгөх нь дээ гэнэ.
Би яахаараа би гэж гэхэд тэр минь:
За за, тэгвэл хүү бол Вася, охин байвал Наташка гэж нэрлэе гэв.
Биенд хүрэхэд л арьс гуужиж унаж байлаа. Сувилагчид биенд нь хүрч чадахгүй намайг дууддаг байлаа. Өглөө дэвссэн шинэ даавуу орой гэхэд нил цус болдог байсан. Би сувилагчид “Тэр маань үхэж байна штээ” гэхэд сувилагч “Тэр чинь 1600 рентгений цацрагт хордсон шүү дээ. 400 рентгений цацрагт хордоход л үхдэг. Чи атомын реакторын хажууд л сууж байна шүү дээ” гэлээ.
Тэр өдөр нөхрийн минь хоёр найзыг оршуулж байсан юм. Нэгнийх нь эхнэр намайг хамт явъя гэхэд нь би татгалзаж чадаагүй. Түүнийхээ хажуунаас гуравхан цаг холдоод ирэхэд тэр минь 15хан минутын өмнө нас барсан байж билээ. Түүний бие нь хавагнаж оршуулах хувцас нь ч таарахгүй болсон. Хөл нь гутланд орохооргүй хавдсан байж билээ. Эмнэлэгт байсан сүүлчийн хоёр хоногт түүний минь мах яснаасаа хөндийрч гарыг нь өргөхөд санжигнаж байгаа нь мэдрэгддэг байлаа. Сүүлдээ дотор эрхтнүүдээрээ бөөлжиж байсан. Би аманд нь марлаар ороосон хуруугаа хийж үүнийг нь гаргаж байлаа.
Нас барсных нь дараа нөхрийг минь зузаан уутанд ороож мод, төмөр авсанд хийж оршуулсан. Энэ тухай би ярьж чадахгүй нь.
Амаржих дөхөөд би Москвад ирлээ. Гуськова эмч намайг эмнэлэгтээ амарж гэсэн юм. Би охин төрүүлсэн. Гэвч охин маань элэгний церрозтой, зүрхний гажигтай төрсөн. Элэг нь 28 ренгенээр хордсон байв. Охин минь төрөөд 4 цагийн дараа нас барсан. Би түүнийхээ хөлд охиноо тавьсан юм. Тэдэн дээрээ очихдоо би дандаа хоёр цэцэг авч очдог. Би тэр үед хорин гуравхан настай байсан.
Киевт бидэнд бүгдэд нь нэг районд шинэ байр өгсөн юм. Гэвч би байн байн Москвад ирдэг. Хорин тав хүрээд цаашдаа ганцаараа байж чадахгүй нь гэдгээ мэдсэн ч би Васягаа л хайрласаар байсан юм. Би хүүхэдтэй болохыг үнэхээр их хүсч байсаан. Нэг залуутай танилцаад учраа хэлж хүүтэй болсон. Эмч нар хүүг маань тахир дутуу төрнө гэж айлгаж байсан ч эрүүл саруул хөөрхөн хүү төрсөн. Би хүүгээ Андрей гэж нэрлэсэн. Нөхөр маань охинтойгоо зүүдэнд минь ирж Андрей бид хоёртой тоглодог. Би ингэж л амьдарч байна.
Би хэдэн сарын өмнөөс ухаан алддаг болсон. Хүү маань одоо сургуульд сурдаг ч бас л туниа муутай. Их өвдөнө. Манай гудамжныхан тэр чигээрээ Чернобылийнхны хүмүүс. Хүмүүс энд тэндгүй л өвддөг юм. Гэнэт л зүрх нь зогссон гэж дуулдана. Гэхдээ хэн ч тэднийг хайхрахаа больсон. Хэн ч зовлон гунигийн тухай сонсохыг хүсэхгүй шүү дээ.
Харин би зовлон бус өөрийнхөө хайрын тухай ярьж өглөө.

эх сурвалж: https://www.facebook.com/groups/shireeniinom/permalink/651044908254961/

2 comments:

Anonymous said...

Yooo, yamar aimar yum be, zolios bolson bainashd.

Bentel Bi said...

аймар юмаа, хэцүү тавилан байна. энэ эмэгтэй гэхдээ мундаг сайн хүн юмаа